ХӨРГҮҮРТЭЙ ЧИНГЭЛГИЙН ТУХАЙ

Blog Single

Олон улсын тээврийн зах зээлд нийт 6 төрлийн чингэлэг ашиглагддаг ба тэдгээрийн нэг бол хөргүүртэй чингэлэг юм. Гадна талаасаа энгийн чингэлэгтэй ижил боловч ажиллагааны хувьд томоохон хөргөгчтэй ижлээр ачааны температурыг удирддагаараа ялгаатай. Хөргүүртэй чингэлгийг дийлэнхдээ эм, жимс, мах, загас, цэцэг зэргийг тээвэрлэхэд ашиглана.

1960 оноос хөргүүртэй чингэлэг зах зээлд нэвтэрснээр түргэн муудах ачааны тээвэрлэлтэд хувьсгал авч ирсэн гэхэд болно. Түүнээс хойш өдийг хүртэл техник технологийн шинэчлэлээр хөргүүртэй чингэлэг улам бүр хөгжсөөр байна. Түргэн мууддаг бүтээгдэхүүн тээвэрлэгчдийн хувьд хамгийн чухал хэрэгсэл болсон хөргүүртэй чингэлгийн хэрхэн ажилладаг, давуу тал гэх мэт мэдээллийг хүргэж байна.

ХӨРГҮҮРТЭЙ ЧИНГЭЛЭГ ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ?

Хөргүүртэй чингэлэг нь гаднах орчны нөхцөл байдлаас үл хамааран ачааны температурыг -35 ° C-аас + 35 ° C хооронд байлгах боломжтой. Чингэлэг доторх агаарыг тусгайлан бүтээсэн Т хэлбэрийн тавцангаар ачааны доор агаар дамжуулах замаар агаарын урсгал явагддаг. Хөргүүртэй чингэлэг нь урьдчилан хөргөсөн ачааны температурыг хадгалахаас гадна шаардлагатай үед ачааны температурыг нэмэгдүүлэх боломжтой байдаг.

Чингэлгийн хяналтын хэсэг нь температур, чийгшил, агааржуулалт, агаар мандал зэрэг параметрүүдийг тохируулах боломжийг олгодог. Ашиглаж буй тохиргоо нь тээвэрлэж буй ачааны онцлогоос хамаарч өөр өөр байна. Жишээлбэл, жимс агуулсан бүтээгдэхүүний CO2 ба O2 түвшинг хянах нь жимс боловсорч гүйцэх явцыг уртасгаж, илүү удаан хугацаанд шинээрээ байх боломжийг олгоно. Ихэнх жимсний төрлүүдэд чийгшлийн хяналт шаарддаггүй боловч ихэнх нь тусгай температурт хадгалах шаардлагатай байдаг.

Энэ бүхнийг хийхийн тулд хөргүүртэй чингэлгүүд байнгын цахилгаан хангамж шаарддаг. Хөлөг онгоцны цахилгаан дамжуулагч эсвэл зөөврийн генераторуудыг ашиглан цахилгаанаар хангах боломжтой.

ХӨРГҮҮРТЭЙ ЧИНГЭЛГИЙН ДАВУУ ТАЛ

Сүүлийн 10 жилд хөргүүртэй чингэлэг тээврийн зах зээлд ихээхэн эрэлт ихтэй, амжилттай байж өөрийн зах зээлд эзлэх байр сууриа бэхжүүлсээр байна. Та дараах давуу талуудыг уншаад хөргүүртэй чингэлгийн ололт амжилтын шалтгааныг харж болно:

  • Температураа хадгалах боломжтой тул зорьсон газраа ирсэн даруйд ачааг хүйтэн агуулахад хийх шаардлагагүй байдаг.
  • Хэмжээний хувьд сонголттой байдаг тул авто, далай, агаарын тээвэр хийхэд тохиромжтой болгодог.
  • Дотор нь тусгаарлах боломжтой ба энэ нь хөлдөөсөн болон хөргөсөн барааг нэг чингэлэгт хадгалах боломжийг олгодог.
  • Удаан эдэлгээтэй бөгөөд байгаль орчны хүнд нөхцөлд ажиллах боломжтой байдаг.
  • Бүтээгдэхүүнийг хэт хурдан боловсорч гүйцэхээс сэргийлж, сэрүүн агаарыг эргэлтэд оруулснаар удаан хадгалагдах боломжтой болгоно.

Олон давуу талыг үл харгалзан хөргүүртэй чингэлэг үйлдвэрлэхэд тулгардаг тодорхой бэрхшээлүүд байсаар байна. Жишээлбэл, HFG хөргөгч нь зах зээлд түгээмэл ашигладаг хэвээр байна. Энэ нь дэлхийн дулааралд томоохон хувь нэмэр оруулдаг болох нь батлагдсан бөгөөд тэдгээрийн хэрэглээг багасгах чиглэлээр байгаль орчны байгууллагууд болон засгийн газруудын дунд хөдөлгөөн өрнөж байна. Хөргүүртэй чингэлэг үйлдвэрлэгчид байгальд ээлтэй өөр сонголт руу шилжихээр ажиллаж байна.

ХӨРГҮҮРТЭЙ ЧИНГЭЛГИЙГ АШИГЛАЛТАД АНХААРАХ ХЭРЭГТЭЙ БА ХЭРЭГГҮЙ ЗҮЙЛС

Хөргүүртэй чингэлгийн давуу талуудыг бүрэн ашиглахын тулд бараа бүтээгдэхүүний онцлог, ажиллах нөхцөл зэргийг сайтар мэддэг байх хэрэгэтй. Хэрэв буруу ашиглавал хүнсний бүтээгдэхүүнд элдэв эмгэг төрүүлэгч бичил биетэн, бактери үржих нөхцөл бүрдэх аюултай тул доорх хийж хэрэгтэй ба хэрэггүй зүйлсийн талаар мэдлэгтэй байхад илүүдэхгүй.

Хэрэгтэй

Хэрэггүй

Чингэлэг доторх ачааг гулгах, шилжихээс сэргийлэн тогтвортой байлгахаар тооцоолж ачааг байрлуулах

Улаан шугамаас ачааг хэтрүүлэх

Ачааны онцлогт тохируулан температураа тохируулах

Т шалны төгсгөлд ачаа байрлуулах /агаарын урсгалыг хаах аюултай/

Чийгшлийн хяналтыг шалгах

Агаарын урсгалыг сааруулах аливаа ажиллагаа

Шаардлагатай бол ачааг урьдчилж хөргөсөн байх

Хөлдүү горимд тээвэрлэхээс бусад үед урьдчилж хөргөх

Агааржуулалтын тохиргоог зөв хийх

Тавиар, хаалга хооронд их зай үлдээх