Зам, Тээврийн Хөгжлийн Яам болон “Улаанбаатар Төмөр Зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгээс хамтран зохион байгуулсан “Транзит Монгол 2017” Монгол-Орос-Хятад гурван улсын хамтарсан форум БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо 4-р сарын 7-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.
Уг арга хэмжээнд гадаад, дотоодын нийт 300 гаруй төлөөлөгч оролцсоноос Монложистикс компанийг төлөөлж тус компанийг үүсгэн байгуулагчдын нэг ТУЗ-н гишүүн Б.Тэлэнгэд, Гүйцэтгэх захирал А.Одгэрэл, Санхүү, бизнес хөгжил эрхэлсэн захирал Г.Хишигбат нарын бүрэлдэхүүнтэй оролцсон ба Монгол улсын газар нутгаар дамжин өнгөрөх транзит үйлчилгээгээ танилцуулж гадаадын түншүүдтэй хамтран ажиллах хүрээгээ тэлэх боломжоо нэмэгдүүлсэн өндөр ач холбогдол бүхий өгөөжтэй форум болж өнгөрлөө.
Форумын үеэр гурван орны төмөр зам, хилийн боомт, тээвэр зуучлалын салбарын төлөөлөгчид Монгол-Хятад-ОХУ-ын төмөр замын хамтын ажиллагаа, Монгол улсын төмөр замын дамжин өнгөрөх тээвэр, дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэхэд төмөр зам, тээвэр зуучийн байгууллага, далайн боомтын хамтын ажиллагааны талаар чухалчлан авч хэлэлцсэн. Мөн Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо болон Хятадын олон улсын тээвэр зуучлалын холбоо хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэ удаагийн "Транзит Монгол-2017" форум нь гурван улсыг дамжин өнгөрөх тээврийн таатай орчныг бүрдүүлэх, хууль эрх зүйн нөхцөл байдлын талаар харилцан мэдээлэл солилцох чухал тавцан болж, гурван улсын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хэрэгжүүлэлтэд түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.