Дэлхийн нийт тээврийн 10 орчим хувийг хүнсний тээвэр эзэлдэг. Хүнс нь бусад бүтээгдэхүүнтэй харьцуулахад түргэн муудах, гэмтэх зэрэг эрсдэл өндөртэй учир тээврийн онцгой нөхцөл шаардагддаг. 2018 оны статистикаар Монгол улсад импортоор орж ирсэн нийт хүнсний бүтээгдэхүүний 34 хувь нь үр тариа, 18 хувь нь сахар болон чихрийн бүтээгдэхүүн, 9.1 хувийг гурилын үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд эзэлж байсан байна. Харин экспортын хувьд 68 хувийг рапс, 16 хувийг мах махан бүтээгдэхүүн үлдсэн хувьд сүү цагаан идээ, цэвэр зөгийн бал гэх мэт бусад хүнсний зүйлүүд багтжээ. /эх сурвалж: ХХААХҮЯ/
Хүнсний тээврийн гол анхаарах зүйл нь сав баглаа боодол болон тээвэрлэлтийн горим юм. Далайн гаралтай “амьд” хүнсний бүтээгдэхүүнээс эхлээд гоёмсог чимэглэлтэй бялууг хүртэл тээвэрлэх боломжтой. Гагцхүү сав баглаа боодол, тээврийн нөхцөл болон хадгалалтын горимыг алдагдуулахгүй байх нь чухал юм. Тээвэрлэлтийн горим алдагдах, буруу баглаа боодол ашигласнаар хүнс муудах, гэмтэх, төрөл бүрийн нян бактери үржих нөхцөлийг бүрдүүлдэг. Бид та бүхэнд төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүнийг хэрхэн тээвэрлэдэг талаар мэдээлэл хүргэе.
-
Бялуу, жигнэмэг гэх мэт хэлбэрээ амархан алдах бүтээгдэхүүн
Бялуу тээвэрлэхдээ аль болох хөдөлгөөнгүй байлгах үүднээс зориулалтын хайрцагт хийн хөлдөөх нь хэлбэрээ хадгалахад ихээхэн нэмэртэй байдаг боловч найрлаганд нь шоколад, фондант гэх мэт орц орсон бол хөлдөөх нь тийм ч тохиромжтой биш. Жижиг хэмжээний бүтээгдэхүүнийг хүнсний зориулалтын уутаар битүүмжилнэ. Температурын хувьд 22 хэмээс доош байлгах бөгөөд хамгийн тохиромжтой нь 18 хэм юм. Үүнээс гадна тэмдэг тэмдэглэгээг гадна хайрцагт хийж өгөх хэрэгтэй, “Зөвхөн гараар зөөвөрлөнө”, “Гэмтэх аюултай”, “Дээш харуулж тээвэрлэх” гэх мэт утга бүхий тэмдэглэгээнүүд ашиглах нь бүтээгдэхүүнийг аюулгүй тээвэрлэхэд чухал ач холбогдолтой юм.
-
Хүйтэн болон хөлдөөх горимд тээвэрлэх бүтээгдэхүүн
Зузаан хөөсөнцөр хайрцаг нь зайрмаг, далайн бүтээгдэхүүн, мах, жигнэсэн бүтээгдэхүүн гэх мэт хүйтэн эсвэл хөлдөөх горим бүхий хүнсэнд зориулагдсан байдаг. Энэхүү хайрцаг нь зузаан хөөсөнцөрөөр бүрхэгдсэн байдаг бөгөөд хүйтэн температурыг хадгалах зориулалттай. Хэрэв тээвэрлэж буй бүтээгдэхүүн тань хүйтэнд тээвэрлэх боловч хөлдөөж болохгүй бол зориулалтын температур хадгалагч гелээр (gel pack) жийрэглэх шаардлагатай.
-
Хайлах эрсдэлтэй эсвэл шингэн агууламжтай бүтээгдэхүүн
Норсон эсвэл шингэн алдсан хайрцгууд нь бусад хайрцаг болон тээвэрлэж буй зүйлсийг гэмтээх, муутгах аюултай учир хайлах эрсдэл бүхий бүтээгдэхүүн болох хөлдөөсөн, мөстэй эсвэл дотроо шингэн агуулсан, ямар нэгэн гэмтлээс үүдэлтэй шингэн алдагдах боломжтой хүнсний бүтээгдэхүүнийг хайрцагт савлахдаа зайлшгүй шингэн шингээгч жийрэглэх эсвэл шингэн алдах боломжийг хязгаарласан пластик уут зэргийг ашиглах шаардлагатай. Хэрэв далайн бүтээгдэхүүн хөлдүүгээр тээвэрлэх гэж байгаа бол шингэн алдахаас сэргийлж давхар хамгаалалт бүхий пластик уутыг хэрэглээрэй. Далайн гаралтай амьд амьтан хөлдөөн тээвэрлэж байгаа тохиолдолд агаар чөлөөтэй нэвтрэх боломжийг олгох зорилгоор уутны амыг нээж өгөх хэрэгтэй.
-
Өрөөний температур буюу хэвийн температурт тээвэрлэх хүнсний бүтээгдэхүүн
Бүх хүнсний бүтээгдэхүүнийг хүйтэн сэрүүн нөхцөлд тээвэрлэх нь өрөөсгөл ойлголт юм. Зарим төрлийн жимс хүнсний ногоо нь хөлдөөх үед чанараа алдах, өнгө үзэмжгүй болох цаашлаад муудах эрсдэлтэй байдаг. Үүнээс гадна бусад цай, тос зөгийн бал зарим далайн гаралтай бүтээгдэхүүнийг өрөөний температурт тээвэрлэдэг байна.
Нэмэлт анхаарах зүйлс:
Хүйтэн эсвэл хөлдүү нөхцөлд тээвэрлэж байгаа тохиолдолд температур хадгалагч гель (gel pack), хуурай мөсний талаар мэдээлэлтэй байх хэрэгтэй. Ерөнхийдөө хуурай мөс нь зайрмаг гэх мэт хөлдөөсөн бүтээгдэхүүнд зориулагдсан, температур хадгалагч гель нь цельсийн 0 градусаас +15 градусын хэмийг хадгалдаг. Гэхдээ хуурай мөс нь аюултай бодис учир заавал хамгаалалтын бээлий өмсөж түлэгдэхээс сэргийлэх шаардлагатай, тэр ч байтугай 5,5 паунд буюу 2,3 кг-аас дээш хуурай мөс тээвэрлэх үеийн аюулгүй ажиллагааны дүрэм хүртэл бий. Ямар ч тохиолдолд хүнсний бүтээгдэхүүнээс хуурай мөсийг зайлшгүй тусгаарлах хэрэгтэйг анхаараарай. Энгийн мөс нь тээвэрт огт тохиромжгүй байдаг, учир нь энгийн мөс нь жин ихтэйгээс гадна чийглэг орчинг бий болгодог. Үүнээс гадна хөлдүү бүтээгдэхүүн тээвэрлэх гэж байгаа бол тээвэрлэхийн өмнө сайтар хөлдөөх нь зүйтэй. Учир нь хөргүүртэй чингэлэг нь хүйтнээр үлээх бус температурыг хадгалах зориулалттай.
Няцрах, шахагдах мөн үйрч бутрах эрсдэлтэй хүнсний бүтээгдэхүүнийг тээвэрлэхдээ аль болох хөдөлгөөн багасгах зорилгоор хийлсэн уут, хөөсөнцөр зэргийг ашиглаж хайрцаг болон бусад зүйлсээс дор хаяж 5 см-ийн зай барьж гэмтэхээс сэргийлнэ.
САНАМЖ: Эдгээр зөвлөмж нь зарим орны тээврийн нөхцөлтэй зөрчилдөх боломжтой.