Аливаа бараа бүтээгдэхүүний хэмжээ, онцлог зэргээс шалтгаалан янз бүрийн тээврийн төрлийг ашиглан тээвэрлэх боломжтой, техник технологийн хөгжил бидэнд нэмэлт сонголтуудыг ч гаргахыг үгүйсгэхгүй юм. Харин олон улс, тив дамжуулан тээвэрлэх тохиолдолд танд үндсэндээ хоёр сонголт үлдэх ба энэ бол агаар болон далайн тээвэр. Эдгээр хоёр сонголт нь олон талаараа ялгаатай бөгөөд тэдгээрийн хооронд сонголт хийх нь тухайн нөхцөл байдлаас шалтгаална. Тээврийн төрлөө сонгох сонголтод тань нэмэр болохуйц тус бүрийнх нь давуу болон сул талуудыг доор жагсаав.
Агаарын тээврийн давуу тал
Хурд
Онгоцоор ачаа илгээх гол ач холбогдол бол ачааг бусад тээврийн хэрэгслээс илүү хурдтай тээвэрлэх юм. Энгийнээр хэлэхэд, хүн онгоцноос хурдан ачааг зөөвөрлөдөг зүйлийг одоогоор зохион бүтээгээгүй л байна. Ийм учраас цаг хугацаа давчуу, яаралтай үед энэхүү тээврийн хэлбэрийг үргэлж ашигладаг. Амьд цэцэг, бялуу гэх мэт зарим барааны онцлог нь хүрэх газраа аль болох хурдан хүрэхийг шаарддаг учир агаарын тээврээр тээвэрлэх шаардлагатай байдаг.
Аюулгүй байдал
Агаарын тээврийн бас нэгэн чухал давуу тал бол аюулгүй байдал юм. Таны ачаа гэмтэх, алдагдах, устгагдах гэх мэт эрсдэлээс хамгаалагдана. Гэсэн хэдий ч онгоцны ослын талаар дурдахгүй өнгөрч болохгүй. Онгоц осолдвол мэдээж таны ачаанаас юу ч үлдэхгүй ч бусад тээврийн хэрэгсэлтэй харьцуулахад онгоц осолдох магадлал хамгийн бага байдаг. Таны ачааг агаараар тээвэрлэж байгаа тохиолдолд нисэх буудлын дүрмийн дагуу таны ачааг хадгалах, зөөвөрлөх, хамгаалах үйлчилгээг үзүүлнэ.
Агаарын тээврийн сул тал
Зардал
Мэдээж хамгийн хурдан, аюулгүй тээврийн хэрэгсэл бага үнэ санал болгохгүй. Тээврийн сонголтууд дундаас хамгийн өндөр үнэтэй нь агаарын тээвэр. Ачааны хэмжээ, цаг хугацаа, онцлог зэргийг харгалзан үзэж сонголтоо хийгээрэй.
Багтаамж
Энэ нь магадгүй агаарын тээвэр үнэтэй байдаг шалтгаан ч байж мэднэ. Хэдийгээр хамгийн аюулгүй, хурдан тээвэрлэдэг гэдгээрээ давуу ч тээврийн зах зээлд төдийлөн эрэлттэй байж чаддаггүй. Нисэх онгоцны ачааны хэсэг усан онгоцтой харьцуулахад хамаагүй бага хэмжээтэй учир их хэмжээний ачаа тээвэрлэх боломжийг хязгаарладаг. Тиймээс нисэх онгоцны ачааны хэсгийн жижигхэн булан хүртэл маш үнэ цэнэтэй бөгөөд өндөр үнэ шаарддаг.
Далайн тээврийн давуу тал
Зардал
Тээврийн зах зээлд агаарын тээвэр өндөр үнээр толгой цохьдог бол далайн тээвэр эсрэгээрээ таны мөнгийг хэмнэх сонголт байж чадна. Далайн тээвэр бол хамгийн хямд өртөг бүхий тээврийн төрлийн нэг юм. Олон улсын тээврийн зах зээлд хамгийн түгээмэл ашиглагддаг уг тээврийн хэрэгсэл нь зай талбай ихтэй ба хөлөг онгоцны зорьсон газарт хүрэх зардлыг хөлөг онгоцонд байгаа бусад олон ачаанаас хуваалцдаг. Хэрэв таны ачаа цаг хугацааны хувьд яаралтай бус бол далайн тээвэр маш их мөнгө хэмнэх болно.
Багтаамж
Дээр дурдсанчлан хөлөг онгоцны тээвэрлэх зай талбай хангалттай том учир таны ачааны хэлбэр, хэмжээ, тоо хэд ч байсан тээвэрлэх боломжтойгоороо давуу талтай. Хүнд тоног төхөөрөмж, овор ихтэй ачаа, машин гэх мэт агаараар тээвэрлэхэд хүндрэлтэй бүх төрлийн ачааг тээвэрлэх боломжтой. Далайн тээврийн зах зээл хамгийн эрэлт ихтэй байдаг, түүнийгээ дагаад өрсөлдөөн ихтэй тул танд олон төрлийн үйлчилгээг санал болгох болно.
Далайн тээврийн сул тал
Найдвартай байдал
Аливаа зах зээлийн хувьд үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжтай байлгах нь нэн чухал. Сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх нэг хүчин зүйл бол тухайн бараа, үйлчилгээний найдвартай байдал билээ. Тээврийн зах зээлийн хувьд үйлчлүүлэгч ачаагаа заасан өдөртөө ирнэ хэмээн итгэж хүлээдэг. Далайн тээврээр ачаа тээвэрлүүлж байгаа тохиолдолд ачаа хугацаандаа яг таг ирнэ гэдэг хүлээлтгүй байсан нь дээр. Учир нь усан онгоц долоо хоногийн хуваарийн дагуу ажилладаг бөгөөд ямар нэг зүйл буруу эргэх эрсдэлтэй. Жишээ нь ачилт хойшлогдох, цаг агаарын нөхцөл байдал, гэнэтийн осол цаашлаад далайн дээрэмчдийг ч үл ойшоож болохгүй. Тиймээс ачаа хүргэх хугацаа хойшлох тусам үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж буурах нь дамжиггүй.
Хурд
Нисэх онгоцтой харьцуулахад усан онгоц маш удаан, тэдний туулах зам маш урт
тул нэлээд хугацаа шаардагддаг. Нисэх онгоц нэгээс хоёр хоногийн дотор барааг
хүргэж өгч болох бол усан онгоц ихэвчлэн нэг сар шаардагддаг (саатал гарахгүй
бол). Технологи хөгжихийн хэрээр далайн тээвэр ачааг 10 хоногт тээвэрлэх
боломжийг санал болгож байгаа боловч агаарын тээврийн хурдыг яагаад ч
гүйцэхгүй юм.
Улс хоорондын тээврийн эдгээр төрлүүдээс сонголт хийхдээ хамгийн чухал
анхаарах зүйл бол нөхцөл байдал. Өртөгөөс илүү хурдыг сонгох шаардлагатай бол
агаарын тээвэр, гэхдээ зөвхөн ашиг олох тохиолдолд л ийм байх ёстой гэдгийг
санаарай. Харин яарах шаардлагагүй бол далайн тээврийг сонгох бөгөөд ингэснээр
тээврийн зардлыг хэмнэнэ.