Эмнэлгийн тоног төхөөрөмж тээвэрлэх үе шат бүрд аюулгүй байдлыг дээд зэргээр хангах шаардлагатай. Учир нь эмнэлгийн тоног төхөөрөмжийн жижигхэн хэсэг л гэмтэхэд маш өндөр үнээр засварлах, солих шаардлагатай болдог. Гэсэн ч тээвэрлэлтэд зөв бэлтгэснээр осол гарах магадлалыг бууруулна.
1. Ачааг үнэлэх
Энэ бол хамгийн эхний бөгөөд чухал алхам, тухайн барааны хэмжээ, хэлбэр, хийц /шилэн, төмөр../, жин гэх мэт зүйлсийг харгалзан ямар төрлийн баглаа боодол шаардлагатайг шийдвэрлэнэ. Дээр дурдсанчлан эмнэлгийн тоног төхөөрөмж өндөр өртөгтэй байдаг тул аль болох туршлагатай, чадвартай мэргэжилтнүүдэд тээврээ даатгахыг зөвлөе.
2. Зориулалтын баглаа боодол
Энгийн баглаа боодлууд нь зарим тоног төхөөрөмжид хангалттай боловч аюулгүй байдлыг бүрэн хангах зорилгоор зориулалтын сав баглааг захиалгаар үйлдвэрлүүлэх нь илүү найдвартай. Учир нь эмнэлгийн тоног төхөөрөмжийн хэлбэр, хэмжээг тодорхойлоход төвөгтэй, хүнд жинтэй байх тохиолдол их байдаг.
3. Баглаа боодолд шаардлагатай зүйлс
Эмнэлгийн тоног төхөөрөмжийг ачилтад бэлтгэхдээ савлагааны зориулалтын материалыг ашиглах нь зайлшгүй шаардлагатай.
Зарим тоног төхөөрөмжийн хувьд стандарт картон эсвэл хуванцар хайрцгийг ашиглаж болох боловч эмзэг хэсгүүдийг маш сайн хамгаалахын
тулд дээр дурдсанчлан захиалгаар бүтээсэн хайрцаг шаардагдана. Нэмж дурдахад, дээд зэргийн чанартай зөөлөвч материалыг ашиглах нь аливаа эвдрэл гэмтлээс илүү хамгаалж чадна.
Хэрэв далайн тээврээр тээвэрлэх гэж байгаа бол төмөр эдлэлийг зэврэхээс хамгаалж маш сайн чийгнээс хамгаалах баглаа боодол ашиглах шаардлагатай.
4. Мэргэжлийн тээвэр зуучтай хамтрах
Зах зээл дээр маш олон төрлийн тээвэр зууч болон тээврийн компаниуд байдаг. Тэд бүгд тодорхой тээврийн төрлүүдээр мэргэшсэн байдаг. Таны сонгох тээврийн хамтрагч тань эмнэлгийн оношлогоо, мэс засал, лабораторийн тоног төхөөрөмж, компьютер томограф, лазер, рентген аппарат, MRI аппаратыг хэрхэн яаж савлахыг мэддэг, тэдгээрийг найдвартай баглаж бэхлэх, тээвэрлэх туршлагатай, мөн мэдлэгтэй байдал зэргийг хангаж байх хэрэгтэй.
5. Даатгалд хамрагдах
Эмнэлгийн тоног төхөөрөмжийг ачилтад бэлтгэх чухал алхам бол зохих даатгалд хамрагдах явдал юм. Бэлтгэл ажил хэчнээн сайн хийгдсэн байсан ч ачилтын явцад тоног төхөөрөмжийн аюулгүй байдалд аюул учруулж болзошгүй гэнэтийн ослын эрсдэл үргэлж байдаг. Ачаа бараа тань гэмтсэн тохиолдолд нөхөн олговор авах боломжийг бүрдүүлэх учир даатгалыг орхигдуулахгүй байсан нь дээр. Хэрэв тээвэр зууч тань өөрийн ачаа тээврийн даатгалтай бол та тээвэр зуучтай даатгалын нөхцөлийн талаар сайтар лавлаж асуугаарай. Шаардлагатай бол та нэмэлт даатгалд хамрагдах боломжтой.