Аливаа тээврийн нэр томъё, код, товчлол нь олон салбарыг тодорхойлдог. Далайн тээвэр ч мөн ялгаагүй өөрийн товчлолуудыг ашигладаг. Эдгээр нэр томъё, товчлолуудыг мэргэжлийн хэллэг болгон ашигладаг тул энэ талаар мэдлэгтэй байхыг шаарддаг.
CY/CY
CY/CY нь Container Yard to Container Yard буюу чингэлгийн талбайгаас чингэлгийн талбай хүртэлх гэсэн үгний товчлол бөгөөд энэ тохиолдолд тээвэрлэгч нь таны чингэлгийг заасан чингэлгийн талбайгаас хүрэх газрын чингэлгийн талбай хүртэл тээвэрлэх нөхцөл юм. Гэхдээ чингэлэг очиж авах болон хүргэж өгөх зардал нь гэрээний үнэд тусгагдаагүй байдаг.
Port/Port
CY/CY-нөхцөлтэй ижил боловч боомтоос боомт хүртэлх гэдгээрээ ялгаатай. Боомтоос боомт хүртэлх тээвэр, талбайн зардал нь гэрээний үнэд тусгагдаагүй байдаг.
FCL
FCL нь Full Container Load буюу бүтэн чингэлэг ачааны товчлол бөгөөд илгээгч тал гэрээний дагуу бүтэн чингэлгийг нэг цэгээс нөгөө цэгт хүргэх үйлчилгээ юм.
LCL
LCL нь Less than Container Load буюу чингэлэг түүвэр ачааны товчлол бөгөөд заавал бүтэн чингэлэгт ачих шаардлагагүй тохиолдолд ашиглана. Энэ тохиолдолд зөвхөн ачааны чингэлэгт эзлэх зай, хэмжээ зэргээр тооцож төлбөр төлнө. Ихэнх тохиолдолд түүвэр ачаанууд жижиг хэмжээтэй байх бөгөөд өөр олон байгууллагын ачааг нэг дор ачдагаараа онцлог.
Free In/ Free Out
Энэ нөхцөл нь ихэнхдээ газар дундын тэнгисийн тээвэрт ашиглагддаг. Энэ тохиолдолд илгээгч тал хөдлөх болон хүрэх цэгийн талбайн зардлыг хариуцдаг. Далайн тээвэрлэгч нь зөвхөн нэг боомтоос нөгөө боомт хүртэлх тээврийг хариуцна. Port/Port нөхцөлөөс ялгаатай нь илгээгч тал талбайн зардлыг төлнө.
GP, ST, STD
General Purpose болон Standard үгний товчлол бөгөөд аль аль нь чингэлгийн төрөл болон хэмжээг тодорхойлоход ашиглана. Стандарт чингэлгийн хэмжээ нь 20 ба 40 тоннын хэмжээтэй ба өндөр нь 8’6” байдаг.
HC, HQ
Hi Cube чингэлэг нь стандарт чингэлэгтэй ижилхэн боловч өндрийн хэмжээ нь 9’6” гэдгээрээ ялгаатай. Хэмжээгээрээ бага зэрэг том тул стандарт чингэлгээс арай өндөр зардал гардаг ч зарим тохиолдолд ижил зардал гардаг.
45’, H5
Ховор тохиолдолд далайн тээвэрлэгчид 45 тоннын чингэлэг шаарддаг бөгөөд стандарт чингэлгийн үнээс 25-30 хувь өндөр зардал гардаг.
RE, RF
RE, RF нь хөргүүртэй чингэлгийг илэрхийлдэг. Хөргүүртэй чингэлэг нь 20 ба 40 тонн болон HC гэсэн хэмжээтэй бөгөөд ачааг халуун, хүйтэн, хөлдөөх горимоор хэдэн долоо хоногийн турш тээвэрлэх зориулалттай.
OT
OT нь Open top буюу онгорхой дээвэртэй чингэлгийг илэрхийлдэг. Зарим төрлийн овортой ачааг тээвэрлэхийн тулд чингэлгийн дээврийг салгах шаардлага гардаг. Энэ төрлийн чингэлэг нь стандарт чингэлгээ мөн адил өндөр үнээр тээвэрлэгддэг.
FR
FR нь Flatrack буюу тавцант чингэлэг ба энэ чингэлэг нь шаардлагатай тохиолдолд дээвэр болон хана хэсгийг салгах боломжтой. Ихэвчлэн овор ихтэй ачаа ачхад ашигладаг.