Авто замын тээвэрлэлт

Blog Single

Олон улсын авто замын ачаа тээвэрлэлт гэдэг нь төрөл бүрийн ачаа тээх зориулалт бүхий авто машиныг ашиглан 2 буюу түүнээс дээш улсын нутаг дэвсгэрийг дамжин, нийлүүлэгчээс хүлээн авагчид ачаа барааг хүргэж өгөх үйл ажиллагаа юм.

Авто  замын  тээвэр  нь  хаалганаас  хаалганд  хүртэл  тээвэрлэлт  хийх чадвартай,   өөрөөр   хэлбэл   ачилт   буулгалт   хийх   тусгай   буудал,  боомт шаардаад байдаггүй, нийлүүлэгчийн үйлдвэрийн агуулахаас хэрэглэгчид шууд хүргэж өгөх боломжтой байдгаараа тээврийн бусад хэлбэрээс давуу талтай. Авто замын тээвэрлэлтийг уян хатан хөдөлгөөнтэй, түргэн шуурхай, ойрын зайн тээвэрлэлтэнд төмөр замаас илүү эдийн засгийн хувьд ашигтай, ойрын зайнд тээвэрлэлт хийдэг учир бараа бүтээгдэхүүнд эвдрэл гэмтэл бага гардаг гэж үздэг.

Авто замын тээвэрлэлтийн давуу тал нь:

  • Хаалганаас хаалганд буюу нийлүүлэгчийн үйлдвэрийн агуулахаас хэрэглэгч хүртэл тээвэрлэлт хийх боломжтой, уян хатан.
  • Бараа, бүтээгдэхүүний эвдрэл, алдагдал бага.
  • Ойрын зайд бараа бүтээгдэхүүнийг хямд өртгөөр тээвэрлэх боломжтой.
  • Тээвэрлэлтийг хялбархан зохион байгуулах боломжтой.
  • Тээвэрлэлтийн явцад сэлгэн ачилт бага. Сав баглаа боодлын хувьд хялбар, энгийн.
  • Тусгайлсан буудал, ачиж буулгах цэг байгуулах шаардлагагүй.
  • Цаг агаарын нөлөөлөл бага.

Авто замын тээвэрлэлтийн сул тал нь:

  • Тээврийн зардал өндөр.
  • Нэг удаа тээвэрлэх хэмжээ бага.
  • Зам тээврийн осол гарах магадлал их.

Авто замын тээвэрлэлтийг харьцангуй хялбар зохион байгуулах боломжтой бөгөөд ялангуяа жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд тусгайлан тоноглосон ачих буудал байхгүй ч үйлдвэрийн агуулахаасаа ердийн байдлаар ачилт хийх боломжтой.

Авто тээврийн тарифыг улс орнуудын холбогдох байгууллагууд өөрсдөө тогтоодог учраас орон бүрт харилцан адилгүй байдаг. Тариф тогтоохдоо ачааг тээвэрлэх замын урт, ачааг тээвэрлэх тусгай нөхцөл шаарддаг эсэх, ачааны сав баглаа, боодол, аюулгүй байдлын зэрэглэл зэргээс хамааруулан нэмэгдэл эсвэл хөнгөлөлт үзүүлдэг байна.

Олон улсын авто замын тээвэрлэлтийн хэлбэр

Орчин цагт дэлхийн бүх улс орон автомашиныг төрөл бүрийн бараа тээвэрлэхэд ашиглаж байна. Автомашиныг хувийн хэрэгцээнээс авахуулаад томоохон уул уурхайд хүртэл өргөн хэмжээгээр ашиглаж байна. Олон улсын авто замын тээвэрлэлтийн зохион байгуулж буй хэлбэрээс хамааруулан дараах байдлаар ангилна. Үүнд:


  • Ачаа барааг цуглуулж тээвэрлэх буюу цуглуулбар тээвэрлэлт: Ачаа барааг илгээгчдээс цуглуулан авч ачиж буулгах цэг хүртэл, ачиж буулгах цэгээс ачаа барааг хүлээн авагчдад хүлээлгэн өгдөг тээвэр
  • Шууд бус тээвэрлэлт: Ачиж буулгах цэгээс очих газрын ачиж буулгах цэг юм уу эсвэл үйлчлүүлэгчийн гэрт нь холын зайны овор ихтэй том барааг хүргэж өгдөг. Дунд эсвэл том оврын тээврийн хэрэгсэл шаарддаг.
  • Чиглэлт тээвэрлэлт: Урьдаас тогтоосон чиглэлийн дагуу тодорхой төлөвлөгөөтэй хийж буй тээвэрлэлт.
  • Хүргэж өгөх тээвэрлэлт: Ачаа барааг хүлээн авагчид дамжуулан өгдөг тээвэр. Ачиж буулгах цэгээс эсхүл бусад тээврийн хэрэгслээс дамжуулан тээвэрлэж болно.

Сүүлийн үед ачааг олон төрлийн тээврийн хэрэгсэл ашиглан чингэлгээр тээвэрлэдэг холимог тээвэрлэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор олон улсын тээвэрлэлтэд эзлэх авто тээвэрлэлтийн гүйцэтгэх үүрэг улам бүр өссөөр байна.

Авто замын сүлжээ сайн хөгжсөн, газар нутаг багатай, нэгдмэл гаальтай Европын холбооны улсуудад авто тээвэр дангаараа олон улсын тээвэрлэлтийг гүйцэтгэж байгаа бол Ази номхон далайн орнуудад далайн болон төмөр замын боомтод ачааг хүргэж өгөх, тэндээс ачааг хүлээн авагчид хүлээлгэн өгөх зэргээр зайлшгүй олон улсын тээвэрлэлтийн үе шатуудад ийм төрлийн тээвэрлэлт оролцож байгааг тэмдэглэх нь зүйтэй.