Тээвэрлэлтийн хугацаа гэдэг нь боомтоос боомт хүртэлх тээвэрлэлтэнд зарцуулж байгаа цаг хугацааг хэлнэ. Энэхүү хугацааг цуглуулсан тоо баримт, урьд тээвэрлэж байсан тээвэрлэлтийн хугацаан дээр тулгуурладаг боловч үүнийг яг таг таарна гэж үзэж болохгүй. Учир нь нэг газраас нөгөө газар хүртэл ачаа барааг тээвэрлэж байх үед ямар ч эрсдэл болон урьдчилан тооцоолоогүй нөхцөл байдал хэдийд ч үүсэх магадлалтай. Байгалийн гамшиг, цаг агаарын нөхцөл байдал, дайн байлдаан зэрэг урьдчилан тооцоолох боломжгүй нөхцөл байдал үүсч болно.
Манай орны хувьд далайд гарцгүй байдал, дэд бүтцийн хөгжил, хөрш орнууд/ОХУ, БНХАУ/-ын дамжин өнгөрүүлэх бодлого зэрэг шалтгаануудаас логистикийн зардал болон хугацааны хувьд бусад оронтой харьцуулахад өндөр байдаг. Гэсэн хэдий ч Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлдэг компаниуд аль болох зардал бага, тээвэрлэлтийн хугацааг хэмнэх тал дээр боломжит гарцуудыг эрж хайн гадаад худалдаа эрхэлдэг компани болон хувь хүмүүст санал болгодог. Тээвэрлэлтийн төрлөөсөө хамааран хугацаа харилцан адилгүй байна.
Агаарын тээвэр:хугацаа хамгийн хурдан бас хамгийн үнэтэй байдаг. Манай улс руу импортлох, экспортлох ачаа шууд нислэгтэй улс орнуудаас 1-2 хоног, дамжин өнгөрөх нислэгтэй бол дунджаар 3-5 хоног тээвэрлэгдэж ирдэг.
Төмөр замын тээвэр: хугацаа дундаж, тээврийн зардал дундаж байдаг. Манай улсын хувьд ихэнх импортын тээвэрлэлт төмөр замаар хийгддэг бөгөөд Хятад улсын Синган боомт дээрээс төмөр замд ачигдан ирдэг. 3 дагч улсаас тээвэрлэгдэж байгаа Жишээ нь Америк, Европ, Азийн бусад улс орноос бол транзит буюу дамжин өнгөрөх гаалийн бүрдүүлэлтийг уг боомтод хийж /5-7 хоног/ төмөр замаар ачигдан /7-10 хоног/ Замын үүд өртөөнд ирдэг. Замын үүд өртөөнд сэлгэн ачилт буюу Хятад вагоноос Монгол вагон руу ачиж тээвэрлэдэг/1-2 хоног/
Авто тээвэр: хугацаа дундаж тээврийн зардал төмөр замын тээвэрлэлтээс үнэтэй. Энэхүү тээвэрлэлтийн хугацааны хувьд төмөр замын тээвэрлэлтээс хурдан байдаг. Эцсийн хэрэглэгчид ачааг хүлээлгэн өгдгөөрөө онцлог бөгөөд Манай улс голчлон Европын улс орнуудаас машинаар тээвэрлэлт хийдэг. Чингэлэг дүүрэхгүй ачаа бага овор жинтэй ачааг Европын улс орнуудад байрлах тээвэрлэгч байгууллагын агуулахад цуглуулан бүтэн машин болгож тээвэрлэх боломжийг тээвэр зуучийн байгууллага олгодог. Жишээ нь: Франц улсаас жижиг хэмжээний ачаа авах бол хаягийн мэдээлэл, ачааны хэмжээс, онцлог зэрэг шаардлагатай мэдээллийг тээвэр зуучийн байгууллагад өгснөөр тухайн ачаа байгаа газраас жижиг машинаар ачааг очиж аван ачаа илгээгчийн агуулахаас /3-5 хоног/ тээвэрлэгчийн агуулахад авчран том машинд ачиж Монгол улс /13-15 хоног/ авчрах боломжтой.
Далайн тээвэр: хугацаа хамгийн урт, тээврийн зардал хамгийн бага. Манай орны хувьд хил залгаа 2 улсаас бусад улс орноос тээвэр хийхэд Жишээ нь Америк, Итали гэх мэт 3дагч улсаас тээвэрлэлт хийгдэхэд далайн тээвэртэй төмөр зам болон авто тээврийг хослуулан ашигладаг. Гол төлөв 3дагч орны тээвэрлэлт Хятадын Сингань боомт хүртэл далайн тээврийг ашиглан хөлөг онгоцоор тээвэрлэгддэг бөгөөд Сингань боомтоос төмөр зам болон авто замаар Монгол улс руу тээвэрлэлт хийгддэг. Хугацааны хувьд Европын улс орнуудаас дунджаар далайд 40-45 хоногийг Хятад улсын Сингань боомт хүртэл зарцуулдаг бөгөөд Хятадын Сингань боомтод транзит гаалийн бүрдүүлэлт хийгдэн 10-14 хоногт Монгол улсад ачаа ирэх боломжтой. Далайн тээвэрлэлт бусад тээврийг бодвол хямд боловч манайх шиг далайд гарцгүй улс орны хувьд хугацааны хувьд хамгийн удаан байна.
Нэг гэрээгээр хоёр ба түүнээс дээш тээврийн хэрэгсэл ашиглан хийгддэг тээврийг холимог тээвэр гэх бөгөөд манай орны газар зүйн байршлийн онцлог, зам харилцаа дэд бүтцийн хязгаарлагдмал байдал, далайд гарцгүй зэрэг шалтгаанаас хамаарч хил залгаа хөрш орнуудаас бусад улс орнуудтай хийгдэх экспорт, импортын ихэнхи худалдааны тээвэрлэлт холимог тээвэрлэлтээр зохион байгуулагдаж байна.