ЧИНГЭЛГЭЭР АЧАА ТЭЭВЭРЛҮҮЛЭХЭД ТАНЬ ТУСЛАХ БЯЦХАН ЗӨВЛӨГӨӨ

Blog Single

Анх удаа чингэлгээр ачаа тээвэрлэх гэж байна уу? Тэгвэл танд өгөх бяцхан зөвлөгөө бидэнд байна.

Ямар ч төрлийн ачаа тээвэрт зайлшгүй анхаарах ёстой хэд хэдэн зүйл байдаг. Хаанаас хаана хүртэл, ямар төрлийн ачааг ямар тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэх вэ зэргээс хамаарч анхаарах зүйлс маш олон. Тэгвэл чингэлэг тээвэрт бид юуг анхаарах шаардлагатай вэ?

1. Тээврийн нөхцөл

Та ачаа илгээгчтэйгээ ямар нөхцөлөөр ачаа бараагаа тээвэрлэж, жижиг зардлыг ч хэн хариуцах мөн хугацааны талаар сайтар тохиролцох хэрэгтэй. Үүнээс гадна Инкотермсийн нөхцөлүүдээс сонгохдоо шинэчилсэн хувилбарыг сонгож байгаа эсэхийг сайтар анхаарах хэрэгтэй. Учир нь 2020 оны шинэ хувилбарт хэд хэдэн нөхцөлүүдэд өөрчлөлт орсон байгаа. Ачаа илгээгч болон хүлээн авагч тал тээврийн нөхцөлүүдийг ийнхүү тохиролцох нь ачаа саатах, гааль, татвар, бичиг баримт, төлбөрийн хариуцлага, зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.

2. Ачааны баглаа боодол

Таны тээвэрлэх гэж буй ачааны онцлогоос шалтгаалж баглаа боодлын төрөл, тэмдэг тэмдэглэгээ, тээвэрлэлтийн хугацаа зэргийг тогтоодог. Тиймээс та өөрийн ачааны онцлог болон эрсдэлийн талаар маш сайн мэдээлэлтэй байж ачааг гэмтэх эрсдэлээс сэргийлэх шаардлагатай.
Жишээ нь та амархан эвдрэх эрсдэлтэй шилэн эдлэл тээвэрлэх гэж байгаа бол тээврийн хэрэгслийн онцлогоос шалтгаалан тээвэрлэх явцад ямар эвдрэл гэмтэл гарах боломжтойг тооцоолон ачаа илгээгчтэйгээ холбогдон ачааг эрсдэлээс хамгаалах баглаа боодлыг хэрхэн хийж байгаа талаар анхаарал тавих нь таны хариуцлага юм. Үүнээс гадна бид өмнөх мэдээллээр ачааны жинг үнэн зөв мэдээлэхийн ач холбогдлын талаар хүргэж байсанчлан ачааны жинг зөв мэдээлэх нь таны болон бусдын ачааны цаашлаад хэн нэгний амь нас аюулгүй байдалд чухал ач холбогдолтой юм.

3. Талуудын үүрэг хариуцлага

Таны ачааг нэг цэгээс нөгөө цэгт хүргэх хүртэл оролцож байгаа бүхий л хувь хүн, нэгжийг тал гэж үзэх ба таны ачаа тээврийн онцлогоос шалтгаалан үүнд:

  • Илгээгч
  • Дотоодын тээвэрлэгч
  • Гаалийн мэргэжилтэн
  • Тээвэрлэгч компани
  • Тээвэр зууч
  • Даатгалын байгууллага гэх мэт маш олон талууд тээвэрт оролцож байдаг.

Дээр дурдсан талууд нь нийтлэг байдаг талуудын төлөөлөл бөгөөд таны тээврийн онцлогоос шалтгаалан үүнээс ч олон байх боломжтой.
Эдгээр талууд бүгд өөрсдийн гэсэн эрх, үүрэг, хариуцлагатай байдгийг анхаарах хэрэгтэй. Жишээ нь ачаа тээвэрлэх явцад тээвэрлэгч компаниас шалтгаалсан эсвэл тухайн оронд гэнэтийн онцгой байдал /цаг агаарын, эвдрэл гэмтэл гэх мэт/ үүссэн зэргээс шалтгаалан ачаа саатах тохиолдолд тээвэр зууч эсвэл илгээгч, хүлээн авагч тал бүх хариуцлагыг дангаар үүрэх нь өрөөсгөл ойлголт юм. Тиймээс тээвэрт оролцож буй талуудын үүрэг, хариуцлагын талаар мэдээлэлтэй байж харилцан ойлголцох нь тулгарсан нөхцөл байдлыг хурдан шуурхай шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм.

4. Бичиг баримт

Хилээр ачаа бараа гаргах, оруулах үед хамгийн чухал асуудал бол бичиг баримт түүний бүрдэл бөгөөд бичиг баримтын бүрдлээ сайтар хангаснаар нэмэлт зардал гарах эрсдэлээс сэргийлэх ач холбогдолтой юм. Тээвэрлэгчдийн хувьд хамгийн их тулгардаг асуудлын нэг нь бичиг баримт алдаатай, дутуу эсвэл хоцрох асуудал байдаг. Үүнээс зайлсхийхийн тулд та шаардлагатай бичиг баримтын жагсаалт гарган түүнийгээ бүрэн бүтэн, алдаагүй байдалд хяналт тавих шаардлагатай. Ачааны онцлог, тээврийн хэрэгслийн төрлөөс хамаарч бүрдүүлэх бичиг баримтууд бага зэрэг ялгаатай боловч нийтлэг шаардагддаг бичиг баримтын жагсаалтыг хүргэе:

  • Худалдааны нэхэмжлэх /Commercial invoice/
  • Гарал үүслийн гэрчилгээ /Certificate of origin/
  • Тээврийн баримт /Bill of lading/
  • Баглаа боодлын жагсаалт /Packing list/
  • Гаалийн бичиг баримт