Манай орны цаг уурын онцлогоос шалтгаалан барилгын ажил урин дулааны цагт явагддаг. Харин бараа материалаа цаг хугацаанд нь тээвэрлэх нь юу юунаас илүү чухал билээ. Хэрэв бараа материалын тээвэр хоцорвол барилгын ажил хоцорч цаг хугацаа, хөрөнгийн алдагдалд өртөх магадлалтай. Энэ удаагийн зөвлөгөөгөөр та бүхэнд барилгын материал тээвэрлэх талаар зөвлөгөө мэдээлэл хүргэж байна.
Шинэ байшин, спортын талбай, оффис эсвэл амины байшин барих эсэхээс үл хамааран материалаа барилгын талбай руу зөөхөд бэрхшээл тулгардаг. Барилгын ажлын төлөвлөгөөг хүндрүүлж болзошгүй аливаа саад тотгорыг урьдчилан харахын тулд тээвэрлэлтэд ямар асуудлууд тулгарч болохыг мэдэх нь чухал юм. Барилгын талбай руу ачуулж буй бүтээгдэхүүн, материал нь харилцан адилгүй байдаг. Модон материал, дээврийн материал, цонх / шил, хуурай хана, шал, байгалийн чулуу, сантехникийн хэрэгсэл / цахилгаан эд анги, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл гэх мэт бараа материалуудыг тээвэрлэх шаардлага гардаг. Үүнээс гадна жин, хэмжээний хувьд овор ихтэй ачаа барааг тээвэрлэх тохиолдол нэлээдгүй байдаг. Бүтээгдэхүүний материал янз бүр байж болох ч эдгээр ачаа барааг тээвэрлэхэд ачааны хэмжээ, бүтэц, хэт овор хэмжээтэй эсэх зэргийг харгалзаж ямар төрлийн тээврээр тээвэрлүүлэх, мөн баглаа боодлын шийдлээ зөв сонгох шаардлагатай байдгаараа барилгын материалын тээвэр онцлог юм. Таны ачааг аюулгүй, найдвартай тээвэрлэхэд тохирох туршлагатай тээвэрлэгч сонгоход анхаараарай.
Барилгын материалыг тээвэрлэх тээврийн хэрэгслийн ялгаатай байдлыг харгалзан ачаагаа тээвэрт бэлтгэх шаардлагатай, ялангуяа задгай ачаа тээвэрлэх гэж байгаа үед энэ маш чухал асуудал болдог. Жишээ нь: цементийг тээвэрлэхдээ цаасан уутанд савласан байдаг. Гэсэн хэдий ч газрын тээврийн хувьд цаасан уут тийм ч бат бөх сонголт биш. Тиймээс цементийг тээвэрлэхдээ давхар савлах, суурьтай нь сайтар бэхлэх шаардлагатай.
Таны ачаа хэр зэрэг эмзэг вэ гэдгийг мэддэг байх хэрэгтэй. Энэ нь танд тохиромжит баглаа боодлоо сонгоход тусална. Хэрэв хүнд барилгын материал тээвэрлэх гэж байгаа бол Double-wall corrugated box ашиглах хэрэгтэй.
Хэрэв жижиг хэмжээний олон ачаа тээвэрлэх бол энгийн цаасан хайрцаг байхад хангалттай. Харин задгай ачаа савлах гэж байгаа бол full-overlap хайрцаг ашиглахыг зөвлөж байна. Энэ хайрцаг нь жин ихтэй ачааг тээвэрлэхэд тохиромжтой байдаг.
Бид өмнөх зөвлөгөөгөөр баглаа боодлын сонголт, ач холбогдлын талаар дурдаж байсанчлан барилгын материалын хувьд ч мөн адил баглаа боодол чухал үүрэг гүйцэтгэдэг. Барилгын материалууд дунд хугарч, хагарах эрсдэл бүхий эмзэг ачаа бараа нэлээд байдаг тул тусгаарлагч, зөөлөвч зэргийг ашиглах, ачааг гулгахаас сэргийлж хоосон зайг дүүргэх гэх мэт арга хэмжээг авахыг зөвлөж байна.