1. Өөрийн тээврийн хэрэгцээ шаардлагаа бүрэн тодорхойлох
Юуны өмнө танд ямар төрлийн тээврийн үйлчилгээний хэрэгцээ байгаагаа мэдэх нь хамгийн чухал юм. Ямар хэмжээтэй, ямар төрлийн ачааг ямар тээврийн хэрэгслээр хэзээ хаанаас хаашаа тээвэрлэх гэх мэт мэдээллүүдийг бүрэн тодорхойлсноор тээвэр зууч танд хамгийн оновчтой хувилбаруудыг давуу тал, сул тал болон үнэ өртгийн хамт гарган өгөх боломжтой юм.
2. Тээвэр зуучийн үйлчилгээний талаар судлах
Таны сонгосон тээвэр зууч танд ямар үйлчилгээг үзүүлэх боломжтой болон боломжгүйг мөн тээврийн явцад та ямар хариуцлага хүлээх талаар судалж мэдсэнээр тээвэрлэлтийн явцад асуудал үүсэхээс сэргийлэх боломжтой болох юм.
3. Тээвэр зууч тань олон төрлийн тээврийн хэрэгслээр хосолмол тээвэр хийх боломжтой эсэхийг мэдэх
Хэрэв та зөвхөн Хятад улсаас тээвэр хийдэг ч таны бизнес өргөжиж европ болон АНУ-аас агаараар, усан онгоцоор том оврын эсвэл задгай ачаа тээвэрлэх шаардлагатай болох тохиолдолд тэд асуудлыг тань төвөггүй шийдвэрлэх чадвартай байх хэрэгтэй.
4. Туршлага
Тусгай тээврийн нөхцөл шаарддаг олон төрлийн ачаа байдаг (амьд амьтан, задгай, аюултай, хүнд жинтэй, том оврын, химийн гэх мэт). Эдгээр тусгай нөхцөл шаарддаг ачааг бүгдийг нь найдвартай тээвэрлэх чадвартай тээвэр зууч маш цөөхөн байдаг учир таны тээвэрлүүлэх тусгай ачааг урд нь тээвэрлэж байсан туршлагатай бол маш том давуу тал болох болно.
5. Ямар нэг олон улсын тээвэр зуучийн холбоо эсвэл сүлжээний гишүүн эсэх
Дотоодын болон гадны тээвэр зуучийн холбоо нь тодорхой шаардлагад нийцсэн тээвэр зуучийг гишүүнээрээ элсүүлдэг. Энэ нь тэднийг илүү баталгаатай гэдгийг харуулж байгаа юм.
6. Тээврийн зохион байгуулалт
Та анх тээвэр зуучийн байгууллагад хандахад тантай борлуулалтын менежер харилцах боловч таны ачааг нэг улсаас нөгөө улсруу тээвэрлэх явцад магадгүй нэг эсвэл хэд хэдэн хүн тээврийн зохион байгуулалтад оролцдог. Таны ачааг хэн хаана тээвэрлэж байгааг та яаж мэдэх вэ? Утас мэйлээр лавлах уу эсвэл өөрөө хянадаг байх уу? Тээврийн зохион байгуулалтыг хянах боломж нь танд ачаандаа санаа зовохгүй байх боломжийг олгоно.
7. Таны байгаа улсад гэрээтэй агент байгаа эсэхийг лавлах
Хэрэв та гадаадын аль нэг улсаас тээвэр хийлгэх хүсэлтэй бол тухайн оронд тань гэрээт агент байгаа эсэхийг лавлаарай. Хэрэв байгаа бол танд олон асуудлыг тань шийдвэрлэхэд туслах болно.
8. Даатгалтай эсэх
Даатгал бол тээвэр зуучид тавих ёстой хамгийн чухал шаардлага юм. Таны ачаанд эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд даатгал таны асуудлыг шийдвэрлэх боломжтой юм.
9. Үнэ харьцуулах
Олон газраас үнийн санал авч байгаа тохиолдолд үнийн задаргаанд бүх үйлчилгээ багтан эсэхийг шалгаж үнэд ямар үйлчилгээ багтаагүйг нягтлах нь маш чухал юм. Зарим тохиолдолд танд бага үнэ санал болгосон ч нэмэлт зардлууд гарч ирсээр байдаг.