Чингэлэг саатах үзэгдэл нь олон шалтгаанаас болж үүсдэг ба саатах хэрээр чингэлгийн түрээс төлөх шаардлага гардаг. Энэ нь тээвэрлэлтэд оролцож буй талуудын хувьд толгойны өвчин болдог асуудлуудын нэг юм. Гэсэн хэдий ч эдгээр асуудлаас зайлсхийх бүрэн боломжтой юм.
Чингэлэг саатах үндсэн шалтгаан
1. Бичиг баримтаас үүдэлтэй саатал
Ачааны бичиг баримт дээрх хаяг, тээврийн маршрут, барааны мэдээлэл
зөрүүтэй байх эсвэл гарал үүслийн бичиг дутуу, тухайн улс орны журамд
тусгагдсан нэмэлт бичиг баримт дутуу байх зэрэг асуудлаар чингэлгийг
саатуулах боломжтой. Хэдий чингэлэг хүрэх газраа хүрсэн ч асуудал
шийдэгдээгүй тохиолдолд хүлээн авагчид хүлээлгэн өгөх боломжгүй бөгөөд
чингэлэг түрээсээс гадна бусад хадгалахтай холбоотой зардлуудыг төлөх
шаардлага үүсэх эрсдэлтэй байдаг.
2. Бичиг баримт хугацаандаа ирээгүй байх
Барааны болон тээврийн бичиг баримтуудыг хүлээн авагч хугацаандаа хүлээн
авч чадаагүй тохиолдол гарах боломжтой. Үүний шалтгаан нь:
- Илгээгч бичиг баримт илгээхдээ хугацаа алдсан
- Илгээгч цаг хугацаандаа илгээсэн ч системийн алдаа болон бусад шалтгаанаар саатсан
- Бусад эх сурвалжаас ирэх бичиг баримт саатсан
3. Бичиг баримт алдагдах
Хамгийн нийтлэг тохиолддог энэ асуудал нь ихэвчлэн бичиг баримт замдаа
алдагдсанаас үүсдэг. Эх хувиараа байх шаардлагатай бичиг баримт алдагдах
нь хамгийн төвөгтэй нөхцөл бөгөөд бичиг баримтыг шинээр авах тээвэрлүүлэх
зэрэг маш их цаг алддаг.
4. Гаалийн хяналт, шалгалтаас үүдэлтэй саатал
Бичиг баримтын асуудал байхгүй ч гаалийн хяналтаас үүдэлтэй саатал гарах
боломжтой. Дэлхийн бүх улс оронд импортоор орж ирж буй ачаа барааг шалгах
үйл явц зайлшгүй явагддаг. Бичиг баримт дээрх ачааны мэдээлэл ачаатай
тохирч байгаа эсэхийг шалгах нь тэдний гол ажил бөгөөд ихэвчлэн барааны HS
Code зөв эсэхийг нягтална. Гаалийн шалгалтаас үүдэлтэй саатал нь түгээмэл
тохиолддог бөгөөд тодорхой хугацаа заагдахгүй. Зарим тохиолдолд барааны
шинж чанараас шалтгаалан эсвэл улс оронд үүсэн нөхцөл байдал, тодорхой
дүрэм, журмын өөрчлөлт зэргээс шалтгаалан урт хугацаагаар саатах тохиолдол
бий.